| |
ид бүхэн өмнө нь Зээлийн мэдээллийн сан болон Зээлийн мэдээллийн төв ХХК-ын тухай товч мэдээлэл хүргэсэн билээ. Энэ удаа иргэд болон харилцагчдаас ирдэг түгээмэд асуулт хариултуудыг багцлан хүргэж байна.
Credit Score гэж юу вэ?
Энэ нь зээлийн мэдээллийн санд байгаа тухайн зээлдэгчийн мэдээллийг тоогоор илэрхийлсэн товчлол юм. Мэдээллийг алгоритмын аргаар боловсруулж үнэлгээ өгнө гэсэн үг. Мэдээллийн санд мэдээлэл байхгүй буюу маш бага мэдээлэл байгаа тохиолдолд үнэлгээ өгөх боломжгүй.
Зээлийн мэдээлэл гэж юу вэ?
Арилжааны банкууд харилцагчдийнхаа авсан зээл, эргэн төлөлтийн тухай мэдээллийг дараагийн зээл олгох үед шийдвэр гаргахад хэрэгтэй гэж үзэн хадгалдаг. Зөвхөн банк төдийгүй бусад бүх санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршоо, бизнесийн байгуулагын олгосон зээл, түүнчлэн дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн тухай мэдээллийг нийтэд нь зээлийн мэдээлэл гэж ойлгож болно.
Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ?
Банк санхүүгийн байгууллагын харилцагчдад олгосон зээл, эргэн төлөлтийн бодит, түүхэн мэдээллийг нэгтгэн төвлөрүүлсэн баазыг зээлийн мэдээллийн сан гэнэ.
Зээлийн мэдээллийн санд ямар мэдээллүүд хадгалагддаг вэ?
Зээлийн мэдээллийн санд харилцагчийн овог нэр, үнэмлэх, регистрийн дугаар, хаяг, ажил эрхлэлтийн байдал, гэрлэлтийн байдал, зээлийн гэрээ байгуулсан он сар өдөр, зээлийн хэлбэр, эргэн төлөх хуваарь, хүүгийн хэмжээ, үлдэгдэл, хугацаа хэтэрсэн, эсвэл төлөөгүй төлбөрийн дүн зэрэг эерэг болон сөрөг мэдээллийг хадгална. Мөн үүнд аж ахуйн нэгж байгууллагын зээлийн мэдээлэл багтах бөгөөд хамаатай этгээдүүдийн мэдээлэл багтсан байна. Зээлийн мэдээллийн сан нь харилцагчийн зээлийн мэдээллийг ямар байгууллага хэдийд авсан тухай мэдээллийг мөн хадгалах үүрэгтэй.
Зээл олгох шийдвэрийг хэн гаргадаг вэ?
Зээлийн олгох шийдвэрийг зөвхөн зээл олгож байгаа банк санхүүгийн байгууллага гаргана. Шийдвэр гаргахдаа зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл авч өөрсдийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого журмын дагуу шийдвэрээ гаргадаг. Зээлийн мэдээллийн сан нь зөвхөн бодит мэдээллийг гишүүн банк санхүүгийн байгууллагуудаас цуглуулж нэгтгэн гишүүдээ мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлдэг.
Зээлийн мэдээллийн ач холбогдол юу вэ?
Харилцагчийн зээл, төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл түргэн шуурхай олж авснаар арилжааны банкуудын шийдвэр гаргах процес илүү хурдан хялбар болдог. Энэ хэмжээгээр зардлаа бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрддэг. Гэхдээ зээлийн мэдээлэл нь зөвхөн зээл олгож байгаа банк санхүүгийн байгууллага төдийгүй зээл авч байгаа харилцагчдад чухал ач холбогдолтой. Авсан зээлээ тухай бүр нь гэрээний дагуу төлдөг сайн зээлийн түүхтэй зээлдэгчийн нэр хүнд өсч харьцангуй бага хүү, давуу нөхцөл, түргэн шуурхай зээл авах боломжтой болдог.
Надад зээл олгоогүй тохиолдолд энэ тухай зээлийн мэдээлэлд тэмдэглэх үү?
Үгүй. Зээл олгохгүй болсон шалтгаан ямар ч байж болох бөгөөд энэ тухай зээлийн мэдээлэлд тусгахгүй. Гэхдээ таны зээлийн мэдээллийг системээс аль банк хэдийд авсныг системд тэмдэглэн хадгалах үүрэгтэй. Ингэснээр та өөрийн зээлийн мэдээллийг хэн ямар зорилгоор авсан болохыг хянах боломжтой болно.
Өөрийн зээлийн мэдээллээ үзэж болох уу?
Зээлдэгч өөрийн зээлийн мэдээллийг авах боломжтой. Зээлийн мэдээллийн тухай хуулинд заасны дагуу зээлдэгч нь өөрийн зээлийн мэдээллийг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах эрхтэй. Та зээлийн мэдээллээ авах бол эхний удаад бичиг баримттайгаа өөрийн биер ирж авна. Харин дараагийн удаад биднээс олгосон нууц кодын тусламжтайгаар онлайнаар авна.
Өөрийн зээлийн түүхээс муу мэдээллийг арилгаж болох уу?
Болохгүй. Гишүүн байгууллагууд бодит мэдээллийг нэгтгэх үүрэгтэй. Харин ямар нэг алдаа гарсан тохиолдолд бидэнд хандаж журмын дагуу шийдвэрлүүлж алдааг арилгах боломжтой.
Миний зээлийн мэдээлэлд буруу мэдээлэл байвал хэрхэн залруулах вэ?
Энэ тохиолдолд бидэнд хандаж бичгээр өргөдлөө өгнө. Бид журмын дагуу Монгол банкны хяналтын доор мэдээллийг ирүүлсэн байгууллагатай хянан үзэж, алдаа гарсан тохиолдолд залруулга хийнэ.
Зээлийн сайн түүхтэй байхын тулд яах ёстой вэ?
Мэдээж хэрэг зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу цаг тухай бүрт нь хугацаа хэтрүүлэлгүй төлбөрөө хийж зээлийг барагдуулах нь таны хэр найдвартай зээлдэгч болохыг тодорхойлно. Түүнчлэн арилжааны банкууд маш олон төрлийн зээлийг хэд хэдэн банкнаас зэрэг авсан харилцагчаас аль болох зайлсхийх нь дамжиггүй.
Эх үүсвэр: Зээлийн мэдээллийн сан (www.cib.mn)