| |
Монгол улсын Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан бөгөөд уг өөрчлөлтөөр компанийн засаглалыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн үйл ажиллагааг сайжруулах, үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хараат бус гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх хороо, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, түүний үүрэг хариуцлагын талаар дэлгэрүүлэн мэдээллэх шаардлагатай гэж үзлээ.
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга:
1999 оны Компанийн тухай хуулинд ТУЗ-ийн нарийн бичгийн чиг үүрэг, үйл ажиллагааг ерөнхий тусгасан байсан. Тодруулбал 1999 оны компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т "Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг биечлэн хариуцаж бичиг баримтыг хөтлөх үүрэг хүлээнэ” гэсэн ганц заалтаар тодорхойлогдож байсан.
Харин шинэчилсэн найруулга /2011/-д ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэг, оролцоог илүү нарийвчилсан зохицуулалттай болгосон байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг тус зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байх бөгөөд дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
1/ хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх, хувьцаа эзэмшигчид мэдээлэл хүргэх;
2/ хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон гарах шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх, хүргэх ажлыг зохион байгуулах;
3/ хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
4/ хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах ажлыг зохион байгуулах;
5/ төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохицуулах.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд түүнийг орлох этгээдийг томилон ажиллуулна.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь компаний эрх бүхий албан тушаалтанд тооцогдоно.
Тиймээс төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг болон ял шийтгэл эдэлж байгаа этгээдийг ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллахыг хориглоно.