|
Нэхэмжлэлийг хэрхэн бичих вэ?
Нэхэмжлэлийг хэрхэн бичих вэ?

Нэхэмжлэлийг хэрхэн бичих вэ?

Нэхэмжлэлийг хэрхэн бичих вэ?Эрх ашиг нь зөрчигдөж, хохирсон хэн боловч шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргахад юуг анхаарвал зохих талаар зөвлөе.

    Шүүхэд нэхэмжлэлийг бичгээр гаргах ба түүнд дараах зүйлүүдийг зайлшгүй тусгасан байна. Тухайлбал:

        1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгааг дурдана. Хэргийн болон нутаг дэвсгэрийн харъяаллаас хамаарч аль шүүхэд гаргаж байгааг нэхэмжлэлийн толгой хэсэгт заана. Тухайлбал /Баянгол дүүргийн шүүхэд г.м/

        2. Нэхэмжлэгч болон хариуцагчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, хэрэв хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, утасны дугаарыг заах ёстой. Хэрэв хариуцагчийн нэр, хаяг, оршин суугаа газар тодорхойгүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

        3. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой дурдаж, түүнийг нотлох баримтыг хавсаргах нь зүйтэй. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит шалтгаан байдаг. Шаардлага нь дээрхи үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлт байдаг. Хэрэв нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхой бус, ойлгомжгүй байвал шүүх мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

        4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримт байгаа бол түүнийгээ нэхэмжлэлдээ хавсарган өгнө. Ингэхдээ бичгийн нотлох баримтын эх хувийг эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө. Энэ шаардлагыг хангаагүй бол нотлох баримт гэж үзэхгүй.

        5. Нэхэмжлэлийн үнэ /нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ/-ийг заах ёстой. Нэхэмжлэлийн үнийг заах нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтооход ач холбогдолтой байдаг. Иймд нэхэмжлэлээр шаардаж болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн үнийг тодорхойлох шаардлага гардаг.

        6. Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргана. Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээг үзүүлсний төлөө зохигчдоос төлж байгаа төлбөр юм. Хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх ба хариуцагч гэм буруутай нь тогтоогдвол уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлнө. Нэхэмжлэгч хэрэв төлбөрийн чадваргүй бол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх, эсвэл хураамжийг багасгуулах, төлөх хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтийг, нотлох баримтын хамт шүүхэд ирүүлж болно.

        7. Нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг хавсаргана.  Иргэн өөрийн биеэр эсвэл төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй. Төлөөлөгч нэхэмжлэл гаргаж байгаа бол нотариатаар батлуулсан итгэмжлэлээ шүүхэд гаргаж өгнө.

        8. Нэхэмжлэлд нэхэмжлэгч эсвэл түнийг төлөөлж буй этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

        9. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө. Нэг хариуцагчтай бол нэхэмжлэлийг 2 хувь, 2 хариуцагчтай бол нэхэмжлэлийг 3 хувь үйлдэнэ гэх мэтчлэн шүүхэд өгнө.
Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариулт:*